1/04/2011

Библи ба шинжлэх ухаан

Өнөө үед Библийг Ертөнцийн Эзэний үг гэж хүлээж авахад бэрх байдгийн нэг гол шалтгаан нь олон хүн Библи, шинжлэх ухаан хоёрыг хоорондоо зөрчилтэй гэж үздэгт оршино.



Жишээ нь, Библийн дагуу энэ дэлхийг анх Ертөнцийн Эзэн бие болгосон. Нөгөө талаар бүх юм аяндаа өөрөө бий болсон гэж заадаг эволюцийн онолыг ихэнх хүмүүс шинжлэх ухааны баталгаатай гэж үздэг.
Гэхдээ шинжлэх ухаан гэж чухам юу вэ? Шинжлэх ухааны аргачлал бол ажиглалт, өгөгдөл цуглуулах, туршилт хийх бөгөөд эдгээр “багажаар” өнөө үед болж буй янз бүрийн үзэгдэл, үйл явц, бодитой зүйлсийг шалган судалдаг. Гэвч орчлонгийн гарал үүслийг өнөөдөр ажиглаж болдоггүй, бас туршилтаар давтан хэрхэн явагдсаныг батлах боломжгүй байдаг. Иймд шинжлэх ухаан зөвхөн баталж болох зүйлийг л харуулж чадахаас биш, дээр үед болж өнгөрөөд өнөөдөр давтагдахгүй зүйлийг харуулж, баттай тайлбарлаж  чаддаггүй.
Библийн илчилдэг Ертөнцийн Эзэн бодитой юм бол, уг номд бичигдсэн Түүний үг бүтээсэн байгаль дэлхийтэй нь зөрчилдөх ёсгүй. Хэрэв байгаль дэлхий, Библи хоёр нэг л зохиогчтой юм бол, шинжлэх ухаан шинэ шинэ нээлт хийх тусам бодит байдалтай зөрчилдөх онолуудаа няцааж, эцэстээ Мөнхийн Эзэний энэ хоёр “ном” адилхан зүйлийг өгүүлэх нь зайлшгүй. Ертөнцийн Эзэн байгалийн бүх үзэгдлийг далдаас өдөөн, удирдан залдаг бол, шинжлэх ухаан ердөө л тэр үзэгдлүүдийг нотолдог юм.
Бид нэг ижил сэдвийн талаар Библийн болон шинжлэх ухааны аль алиных нь дуу хоолойг сонсоход бэлэн байх ёстой.  Шинжлэх ухааны мэдлэг нь, наад зах нь Библийг бүрэн гүйцэд судалж мэдэхэд үнэлж баршгүй их тустай.
Шинжлэх ухаан бол манай орчлон ертөнцийг зүй тогтлынх нь дагуу байлгахын тулд Ертөнцийн Эзэний байрлуулж тавьсан байгалийн механизмуудыг нээн олох үйл явц юм. Шинжлэх ухаан нь Мөнхийн Эзэний бүтээл болох байгалийн нууцууд, тэдгээрийн утга учрыг тайлсаар иржээ. Угтаа шинжлэх ухаан, теологи хоёр нэг л орчлон ертөнцийг судалдаг: нэг нь материаллаг бодит зүйлс, нөгөө нь үл үзэгдэх зүйлсийг судалдаг. Бүтээгдсэн энэ орчлон ертөнцийн гарал үүсэл, хувь тавилан, төгсгөлийг бид Библиэс олж мэддэг. Шинжлэх ухаанд аливаа баримтыг логикоор шалгаж нягталдгийн адил бид ч бас байгаа баримтыг логик шалгуураар нягтлан үзэж Библийн үнэн зөвийг баталж болно. Бид шинжлэх ухаанаар дамжин үл үзэгдэх ертөнцийн мөн чанар ба оршин тогтнохуйн шинж дохио, харьцуулал, баталгааг олж хардаг.

Шинжлэх ухааны 5 үндэс
Английн алдарт философич Хэрбэрт Спэнсэр (1820-1903) амьдралынхаа туршид хийсэн судалгааныхаа эцэст цаг хугацаа, хүч, үйлдэл, орон зай, матери гэсэн шинжлэх ухааны 5 үндэс байдаг гэж дүгнэжээ. Спэнсэр тэгээд 3000 гаруй жилийн өмнө нэг хүний бичсэнтэй яг адил зүйлийг давтаж бичсэнээ огт ухаарсангүй! Тэр хүн нь Мөшэх байсан бөгөөд “Эхлэл” номдоо тэр ингэж бичсэн байв: “Эхэнд [цаг хугацаа] Ертөнцийн Эзэн [хүч] тэнгэр огторгуй [орон зай] болон газар дэлхийг [матери] бүтээжээ [үйлдэл]” (Эхлэл 1:1).
Иймд, Библийн хамгийн анхны ишлэлийг уншихад, энэ ариун нандин бичвэрт ямар нэг хосгүй, онцгой зүйл байгаа нь бүтээлч сэтгэлгээтэй ямар ч хүнд илхнээ харагдаж байна. Библийг нарийн нягт судлах юм бол, шинжлэх ухааны маш олон гайхалтай сонин баримтууд илэрдэг билээ. Гэтэл эдгээрийг орчин үеийн шинжлэх ухаанд мэдэгдэхээс ч өмнө Библид бичсэн байжээ.
“Итгэлгүй шинжлэх ухаан бол хазгар доголон, харин шинжлэх ухаангүй итгэл нь сохор юм.”
Алберт Эйнстейн

0 comments :

Post a Comment

Таны бодлоор?